asia girls make up

2017-01-02 - Өсвөр насны охид залуусын арьс арчилгаа (Арьс арчилгааг 13 наснаас)

Нүүрээ сайн цэвэрлэхгүй байснаас болж арьсны сүвэн дэх бохирдол болон тос нь тэндээ хуримтлагдаж, удсанаар арьсны сүвнүүд мэдэгдэхүйц томорч эхэлдэг. Нэгэнт сунаж томорсон арьсны нүхжилтийг бүрэн арилгана гэдэг маш хэцүү бөгөөд бараг боломжгүй зүйл юм.


Ойролцоогоор 12-13 наснаас эхлэн нүүрний арьсанд өөрчлөлт орж, илүү их тос ялгарах, батга гарах гэх мэт асуудлууд гарч эхэлдэг. Яг л энэ үеээс арьсаа арчилж эхлэх хэрэгтэй бөгөөд арьсны төрөл болон хэр арчилгаатай байгаагаас шалтгаалан зарим хүмүүсийн хувьд өсвөр насаа дуусан дуустал асуудалтай байдаг бол зарим нь сайн арчилгааны ачаар санаа зовох зүйлгүй байдаг. Япон эмэгтэйчүүд охидоо 13 наснаас нь тоник хэрэглүүлж эхэлдэг гэж сонсож байсан юм. Тухайн үедээ ямар эрт юм бэ гэж бодож байсан боловч үнэхээр үр дүнтэй болохыг олон олон хөөрхөн Япон охидоос харсаар байна. 

Шилжилтийн насны арьс арчилгаанд анхаарах зүйлс by ChardonnayGal ©

Шилжилтийн насны арьс арчилгаанд анхаарах зүйлс 

1. Нүүрээ шахмал саван болон хэт хүчтэй(өндөр pHтай) хөөсөөр угаахгүй байх - Биеийн шингэн савангийн тухай бол яриад ч хэрэггүй шүү. Биеийн арьс нь нүүрний арьснаас 5 дахин зузаан тул биеийн саванг нүүрэнд хэрэглэснээр арьс таталдах, хуурайших асуудал гардаг. Тослог арьсанд ч гэсэн зөөлөн үйлчилгээтэй, угаасны дараа арьсыг таталдуулж хуурайшуулдаггүй нүүр цэвэрлэгч хөөс/гелийг сонгох хэрэгтэй. 

2. Нүүрээ угаасныхаа дараа алкохолгүй тоник хэрэглэж занших - 13 наснаас эхлэн арьсаа чийгшүүлж эхэлснээр арьс хуурайшихгүй болж, ирээдүйд удаан хугацаанд сайхан арьстай байхын эхлэл болдог. Алкохол нь хатаах үйлчилгээтэй учраас алкохолын орцтой тоникоос зайлсхийгээрэй. Нүүрээ угаах+Тоник хоёрыг сетээр(нэг зүйл мэт) ойлгох нь зөв юм. Нүүрээ угаасан л бол чийгшүүлье баярлах

3. Нарны тосыг өдөр бүр хэрэглэх - Өсвөр насныхны 80 хувь нь 18 нас хүртлээ нарны хэт ягаан туяанд арьсаа маш их гэмтээсэн байдаг. Энэ нь мэдээж гадаа нарны тос, малгайгүйгээр удаан байсантай холбоотой. Хэт ягаан туяа нь арьсыг сэвхтүүлж, хөгшрүүлэхээс гадна арьсны хорт хавдрыг бий болгодог шалтгаануудын нэг юм. Нарны тосыг яг л шүдээ өдөр бүр угаадгийн адилаар хэрэглэж заншвал хөгширтлөө залуу сайхан арьстай явахнээ. Хэрвээ нарны тос байдаг ч дандаа мартаад байдаг бол SPF-тэй чийгшүүлэгч бас хэрэглэж болно. Гэвч SPFтэй бүтээгдэхүүн нь нарны тосыг хэзээ ч бүрэн хэмжээнд орлож чадахгүй гэдгийг санаарай. Бүрхэг, бороотой, цастай өдөр ч гэсэн нарны туяа хүчтэй хэвээр байдаг тул нарны тосоо мартуузай. 

Хэрвээ та нарын тос түрхдэггүй бөгөөд жолоо байнга барьдаг бол нүүрнийхээ баруун зүүн талыг харьцуулан нарны туяа нь ямар хортой болохыг мэдэх боломжтой.(Үрчлээ болон сэвх толбыг харьцуулж хараарай) 

4. Юу ч болж байсан нүүрээ заавал угааж унтах - Өдрийн турш хуримтлагдсан бохирдол, тос, хөлс болон нүүрний будгаа заавал угааж цэвэрлэж унтах хэрэгтэй. Нэг өдөр будагтайгаа унтсанаар 2 долоо хоногоор хөгширдөг ч гэж ярьдаг. Өглөөд мөн шөнө унтаж байх хооронд ялгарсан хөлс, бохирдлыг хөнгөхөн угааж цэвэрлээрэй. 

5. Нүүрний алчуур болон дэрний уутаа тогтмол солих - Нүүрний арьсыг хүчтэй үрж угааж ерөөсөө болохгүй бөгөөд заавал нүүрний зориулалтын зөөлөн алчуураар арчиж байвал насан туршдаа үрчлээ үүсэхээс сэргийлж болно. Арчихдаа зөөлөн дарах маягаар арчих бөгөөд нүүр гарын алчуурыг хольж хэрэглэж огтхон ч болохгүй байхнээ. Сүүлийн үед өд шиг зөөлөн нүүрний зориулалтын алчуурууд худалдаалагдаж байгаа тул болж өгвөл тэдгээрээс хэрэглэхийг бодоорой. (Шү Үэмура нүүрний алчуур гэх мэт)Нүүрээ сайхан цэвэрлэсэн ч бохир алчуураар арчаад, бохир дэр дэрлээд байвал асуудал намжихгүй хэвээр л байна. Дэрний уут, алчуураа 7 хоногт 2 удаа угаагаад байхад асуудалгүй юм шиг санагддаг.

6. Арьсны асуудал хүндэрсэн, зовиуртай батга гарч байвал өөрөө шахахаас урьтаж мэргэжлийн гоо сайханч, эмчид хандаж зөвлөгөө авч эхлэх - Батгыг буруу оношилж, шахсанаас болж насан туршдаа сорвитой болсон түүх бидний дунд зөндөө байдаг шүү дээ. Ам дамжсан яриагаар гоо сайхандаа хандахаасаа өмнө интернетээр давхар судлаж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг бодоорой.

7. Нүүрэндээ бохир гараараа хүрэхгүй байх - Өдрийн турш нүүрэндээ хүрэхгүй байх, нүүрэн дээр гарсан батгыг дураараа оролдохгүй, тавыг нь хуулахгүй байх. 
       
    Харин эдгээрийг бүгдийг нь дагаж мөрддөг боловч арьс асуудалтай хэвээр байвал шалтгаан нь нойрны дутагдал, стресс, тэнцвэргүй хооллолт зэрэг буруу амьдралын хэв маягаас болж байж ч болох юм. Лемонтой ус болон цэвэр ус хангалттай ууснаар арьсны өнгө цаанаасаа гэрэлтэж, биеийн жингээ барихад ч тустай. Арьс арчилгааны тухай болон дээр бичигдсэн зүйлүүдийг илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Арьс арчилгааны талаар та хэр сайн мэдэх вэ постоос уншаарай. 

Харин одоо та шилжилтийн насанд ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэж бодож байгаа байх

Алдарт Benzoyl Peroxide н орцтой бүтээгдэхүүнүүд нь батганы эсрэг үйлчилгээтэй байдаг боловч орчин үед илүү байгалийн гаралтай Tea Tree-г ихээр ашигладаг болоод байна. 
Tea Tree нь арьсны сүвэн дэх үхэжсэн эсүүд болон ялгарсан тосыг арьсыг хуурайшуулахгүйгээр цэвэрлэн, батганаас сэргийлж өгдөг. Мөн арьсанд улайлт өгдөггүй учраас эмзэг болон холимог арьстай хүмүүс хэрэглэхэд ч тохиромжтой.

Бүтээгдэхүүнийг сонгохдоо үнийг нь биш орцыг нь харж сонгоорой. Paraben, Retinol, Paba, Homosalate, Alcohol, Aluminum гэх мэт орцтой бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндэд хортой тул дэлхий нийтээр хэрэглэхээс татгалзаад байгаа билээ. Ялангуяа европын орнуудаас бусад орны бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ орцыг нь сайтар шалгаж байгаарай.


Залуу арьсанд зориулсан бүтээгдэхүүн нь голдуу чийгшийлүүлэх, хамгаалах, бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг учраас тийм ч үнэтэй байдаггүй. Харин хэтэрхий үнэтэй, хүчтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг залуугаасаа хэрэглэж эхлэхээс зайлсхийх хэрэгтэй. Монголд зарагдаж байгаагаас залуу арьсанд Laneige, Innisfree, Nature Republic, Face shop, Clinique, Skinfood, Loccitane гэх мэт брэндүүдээс өөрт тохирох бүтээгдэхүүнүүдийг сонголт хийж болох юм. 

Батга хэрхэн үүсдэг вэ?
Батга нь үнэндээ бохирдлоос илүүтэйгээр арьсны сүвэн дэх үхэжсэн эсүүд, арьснаас ялгарсан тостой барьцалдаж арьсны сүвэнд үлдсэнээс(sebum buildup) болж үүсдэг. Мөн гадны бактери, амьдралын буруу хэмнэл, гормоны өөрчлөлт гэх зэрэг олон шалтгаан байж болно. 

Хар болон цагаан батга хэрхэн үүсдэг вэ?  by ChardonnayGal ©

    Үр хүүхэд бол эцэг эхийнхээ тусгал байдаг учраас эцэг эхчүүд маань ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэж ярихаас өмнө өөрсдөө тэрийгээ биелүүлдэг байхгүй бол хүүхдүүд тоохгүй байх хандлагатай байдаг. Өсвөр насанд байнга асуудалтай арьстай байна гэдэг нь таны ойлгож байгаагаас ч их зовлон, стрессийг дагуулдаг. Нас насны онцлогийг нь бодож тэдэнтэй болгоомжтой харьцаж, аль болох их ярилцаж байхыг бодоорой.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2021-01-31 -

Бичсэн: Зочин

Egchee bayrlalaa iim heregtei medeelel oruulsand

Шууд холбоос


Бичлэг: 1 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax